Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ХБНГУ-ын Лайвциг хотноо зохион байгуулагдаж буй Олон Улсын Тээврийн Форум (ITF)-ын хүрээнд болж буй “Council of Ministers of Transport” буюу Тээврийн сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна.
Олон Улсын Тээврийн Форум (ITF) нь дэлхийн тээврийн салбарын бодлого тодорхойлогчдын хамгийн том платформуудын нэг бөгөөд энэ удаагийн дэлхийн тээврийн салбарын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэх дээд хэмжээний уулзалтад 69 гишүүн орны тээврийн сайд нар, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, тээвэр логистик, төмөр зам, автотээврийн салбарын гол төлөөлөгчид оролцож байна.
Энэ жилийн форумд 80 гаруй улсын 1200 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд дээд түвшний уулзалт “Тээврийн салбарын тогтвортой байдал, дэд бүтцийн холболт, нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдал, ногоон шилжилт болон дижитал өөрчлөлт” зэрэг сэдвийн хүрээнд хурал хэлэлцүүлгээр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Тээврийн сайд нарын зөвлөлийн хурлаар, тээврийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт, олон улсын тээврийн коридорын хөгжил, хил дамнасан тээврийн урсгал, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тээврийн бодлого, дижитал шилжилт болон инновац зэрэг асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцэж байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон холбогдох албаныхан тээврийн форумын үеэр олон улсын байгууллага болон гадаад улсын тээврийн салбарын удирдлагуудтай ажил хэрэгч уулзалтууд хийж, Монгол Улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, транзит тээврийн боломжийг нэмэгдүүлэх, төмөр зам болон логистикийн холболтыг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцож байна.
Форум 2026 оны тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд үргэлжилнэ.