УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.05.21/-ийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.
Үргэлжлүүлэн УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэв. УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгон бүтээмжийг нэмэгдүүлэх, гишүүдийн ирц, оролцоо, хариуцлагыг сайжруулах, хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг чанаржуулах, мэргэшсэн Байнгын хороодод түшиглэсэн парламентыг бэхжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгээ хууль санаачлагчид хэллээ.
Хуулийн төсөл батлагдсанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын, Өргөдлийн, Төрийн байгуулалтын, Төсвийн, Хууль зүй, хүний эрхийн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн, Цахим хөгжил, хиймэл оюуны бодлогын, Эдийн засгийн, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын 11 Байнгын хороотой байх ба асуудал хариуцсан сайд нь холбогдох хорооны бүрэлдэхүүнд орох өөрчлөлт хийсэн гэв.
Байнгын хороодын эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцуулахаар Тусгай хяналтын; Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал; Ёс зүйн; Төсвийн зарлагын хяналтын; Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын; Хүний эрхийн; Тогтвортой хөгжлийн зорилгын нийт 7 дэд хороодтой байхаар төсөл боловсруулж, дэд хороодын тоог наймаар цөөлжээ.
Мөн УИХ-ын гишүүний ирц, гадаад, дотоод албан томилолт, хуулийн төсөл санаачилсан, хамтран оролцсон, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь ажилласан, хянан шалгах үйл ажиллагаанд оролцсон, төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал гаргасан, хариуцлага хүлээсэн эсэх болон саналаа биечлэн өгсөн байдал зэргийг бодит цагийн горимоор олон нийтэд тогтмол мэдээлэх тогтолцоог бүрдүүлэх аж. Ингэснээр гишүүний хариуцлага дээшилж, бүтээмж нэмэгдэн, төрд итгэх иргэдийн итгэл сэргэнэ гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа.