Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооноос Засгийн газар болон Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хандан шаардлага ирүүлсэн байна.
Шаардлагын хүрээнд Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Идэр, Гэр бүлийн бодлогын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн хэлтсийн дарга А.Хишигбаяр, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл болон холбогдох албан хаагчид Монгол Улсын Сонсголгүй Иргэдийн Үндэсний Холбооны ерөнхийлөгч А.Энхбаатар болон сонсголын бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзан асуудлыг зөвшилцжээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг шаардлагыг хүлээн авч, хүний эрхийг дээдлэх, тэгш оролцоог хангах зарчмын хүрээнд бодитой шийдвэрүүдийг гарган, шат дараатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэлснийг албан ёсоор мэдэгдэж тус шаардлагад ирүүлсэн манай яам дангаар шийдэх боломжгүй асуудлуудыг бусад яамд, төрийн байгууллагуудтай хамтран шийдвэрлэх үйл явцыг манлайлан ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтын хүрээнд тавьсан шаардлагад дараах арга хэмжээг авч ажиллаж байгааг танилцуулав.
Сонсголгүй жолоочийн эрхийн зохицуулалттай холбоотой асуудлыг салбар хариуцсан байгууллагуудад уламжилж, шуурхай шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Уулзалтын үр дүнд дээрх шаардлагын хүрээнд Хууль зүйн яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын олон нийтийн радио телевиз тус бүртэй энэ сард багтаан албан уулзалт зохион байгуулж сонсголын бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байгаа асуудлыг бодитоор танилцуулан шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлэв.
Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Төрийн нарийн бичгийн даргын зүгээс иргэн бүрт тэгш, хүртээмжтэй төрийн үйлчилгээг үзүүлэх хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдээс ирүүлсэн шаардлагыг бид зөвхөн цаасан дээр хүлээж авах бус, ажил хэрэг болгож, амьдралд бодитоор нэвтрүүлэх шаардлагатайг онцолж хариуцах удирдлага, албан хаагчдад үүрэг даалгавар өгөв.