Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эхлүүлсэн Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо. Хоногт 250 мянган м3 хаягдал ус дахин боловсруулах хүчин чадалтай Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Д.Мөнхбаатар нараас гадна БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон холбогдох албаныхан оролцлоо.
Улаанбаатар хотын шинэ Төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт дэвсгэрт нийт 17.6 га талбайд баригдсан. Нийт 35 төрлийн 55 барилга байгууламжаас бүрдэж байна. Хаягдал ус хүлээн авах хүчин чадал нь цаашдын өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахуйц байхаар төлөвлөгдсөн. Мөн цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэн дотоодын хэрэглээний 35 орчим хувийг хангана.
Энэхүү төсөл нь зөвхөн бохир ус цэвэрлээд зогсохгүй, Туул голын усны чанарыг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах, Улаанбаатар хотын урт хугацааны хөгжлийн хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
Мөн лагаа бүрэн боловсруулж, биохий үйлдвэрлэн, дулаан болон цахилгаан эрчим хүч гаргах, цэвэрлэсэн усыг дахин боловсруулж, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, дулаан, цахилгаан станцуудын хэрэгцээнд нийлүүлэх зэрэг технологи, шийдлийг нэвтрүүлж байна. Ингэснээр цэвэр ус хэмнэх, эрчим хүчний хэрэглээнийхээ 35 хувийг өөрөө хангах нь.
Төслийн хүрээнд 35 төрлийн 55 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн ажлыг хийсэн байна.