Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров тэргүүтэй төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсын Женев хотноо ажиллах үеэрээ Женевийн Кантоны Өмгөөлөгчдийн холбоонд айлчилж, тус холбооны удирдлага, Хүний эрхийн комиссын төлөөлөгчидтэй уулзан хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.
Женевийн Кантоны Өмгөөлөгчдийн холбоо нь 1895 онд байгуулагдсан, Швейцарын хамгийн нэр хүндтэй өмгөөлөгчдийн байгууллагуудын нэг бөгөөд өнөөдөр 2,300 гаруй өмгөөлөгч, өмгөөлөгчийн дадлагажигчийг эгнээндээ нэгтгэсэн, 500 орчим хуулийн фирмийг төлөөлдөг томоохон мэргэжлийн холбоо юм. Тус холбоо нь Женев кантонд үйл ажиллагаа эрхэлж буй өмгөөлөгчдийн эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн ёс зүй, тасралтгүй сургалт, хууль зүйн туслалцааны тогтолцоог хөгжүүлэх, хүний эрхийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг байгууллага юм.
Уулзалтад Женевийн Кантоны Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хүний эрхийн комиссын гишүүн Райан Худруж болон Хүний эрхийн комиссын гишүүн Кэтрин Круглак нар оролцов.

Уулзалтын эхэнд Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров Монголын Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, өмгөөлөгчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны тогтолцоо, хүний эрх, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар танилцуулж, хоёр байгууллагын хамтын ажиллагааг эхлүүлэх саналыг дэвшүүлэв.
Тэрээр Монгол Улс болон Швейцарын Холбооны Улс нь хүний эрх, хууль дээдлэх ёс, шударга ёсны нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг бөгөөд эдгээр үнэт зүйлсийг бодит амьдралд хэрэгжүүлэхэд өмгөөлөгчийн хараат бус байдал, мэргэжлийн өөрөө удирдах байгууллагын үүрэг онцгой ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэлээ.
Мөн Монголын Өмгөөлөгчдийн холбооны бүтэц, чиг үүрэг, 24 салбар зөвлөл, 2,300 гаруй өмгөөлөгч, 300 орчим хуулийн фирм бүхий үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага болох талаар танилцуулж, өмгөөлөгчдийн тасралтгүй сургалт, залуу өмгөөлөгчдийн солилцоо, хүний эрхийн чиглэлээр хамтарсан судалгаа, хиймэл оюун ухаан ба хууль зүйн технологийн чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар санал дэвшүүллээ.
Хариуд нь Райан Худруж Женевийн Кантоны Өмгөөлөгчдийн холбооны бүтэц, үйл ажиллагаа, гишүүнчлэлийн тогтолцоо, өмгөөлөгчөөр элсэх шалгуур, мэргэжлийн шалгалтын тогтолцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Швейцарт болон Женев кантонд өмгөөлөгчөөр ажиллах эрх авахад тавигдах шаардлагуудын талаар танилцуулсан юм.
Мөн уулзалтын үеэр гадаад улсын хуульчид Швейцарт өмгөөлөгчөөр ажиллах боломж, мэргэжлийн эрх олгох тогтолцоо, олон улсын өмгөөлөгчдийн хөдөлгөөнт байдлын талаар санал солилцож, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүнчлэл, мэргэжлийн шалгалтын тогтолцоо нь Женевийн Кантоны Өмгөөлөгчдийн холбооны тогтолцоотой олон талаар төстэй байгааг талууд онцлон тэмдэглэв.

Уулзалтын үеэр хоёр байгууллагын төлөөлөгчид харилцан айлчлал зохион байгуулах, туршлага солилцох асуудлаар ярилцаж, Женевийн Кантоны Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчдийг Монгол Улсад айлчлахыг урьсан бөгөөд тус холбооны зүгээс урилгыг талархан хүлээн авч, цаашид харилцан айлчлах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Хүний эрхийн комиссын гишүүн Кэтрин Круглак өмнө нь Монгол Улсад ажиллаж, айлчилж байсан талаараа дурсан ярьж, Монголын хуульчдын хамтын нийгэмлэгийн талаар эерэг сэтгэгдэлтэй байдгаа хуваалцав.
Талууд цаашид хамтарсан уулзалт, семинар, вебинар зохион байгуулах, өмгөөлөгчдийн үргэлжилсэн сургалтын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, хүний эрх, өмгөөлөгчийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, хууль зүйн технологи зэрэг тодорхой чиглэлээр хамтарсан судалгаа хийх, олон улсын форум, бага хуралд харилцан оролцох зэрэг хамтын ажиллагааны боломжуудын талаар санал нэгдэв.
Энэхүү уулзалт нь Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Женевийн Кантоны Өмгөөлөгчдийн холбооны хооронд урт хугацааны, үр дүнтэй хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.