И-Монголиа систем нь Монгол Улсын төрийн бүх цахим үйлчилгээг нэг цонхоор үзүүлэх зорилготой нэгдсэн платформ юм. Хувь хүн болон хуулийн этгээд e-Mongolia вэб болон аппликейшнээр дамжуулан 900 гаруй үйлчилгээг хаанаас ч, хэзээ ч авах боломжтой бөгөөд Монгол Улсын 2.1 сая иргэн энэ системийг ашиглаж байна.
Энэхүү системд өнөөдөр “Нээлттэй парламент” цэсийг шинээр нэвтрүүлж буйг УИХ-ын дарга С.Бямбацогт танилцууллаа. “Нээлттэй парламент” цэс рүү e-Mongolia вэб болон аппликейшний “Нэмэлт” гэсэн цонхоор дамжин нэвтрэх бөгөөд үүгээр дамжуулан иргэд хууль тогтоомжийн төсөлд саналаа өгөх, нийтийн өргөдөл санаачлах, дэмжих эрхээ эдлэхээс гадна УИХ-ын гишүүдийн ирц, идэвх оролцооны талаарх мэдээллийг бодит цагийн горимоор хянах, чуулганы мэдээллийг хавар, намрын улирлаар шүүн үзэх зэрэг боломж нээгдэж буйг тэрбээр онцолсон юм.
Түүнчлэн хууль тогтоомжийн төсөлд саналаа өгч, төрийн эрх барих үйл хэрэгт оролцох эрхээ эдлэхээс гадна нийтийн өргөдөл санаачлах, дэмжих боломжийг энэ цэс иргэдийн гарт атгуулж байгааг УИХ-ын дарга тодотгосон.
“Нээлттэй парламент” дахь “УИХ таныг сонсож байна” дэд цэсээр дамжуулан хуулийн хэрэгжилт таны амьдралд үр өгөөжөө өгч байгаа эсэх талаар саналаа өгөх боломжтой болсон бөгөөд хууль хоорондын хийдлээс болж иргэд ажил, амьдрал, бизнест нь тулгарч буй асуудлынхаа мэдээлж болохоор болж байна.
Энэ цэс парламент иргэдийн холбох суваг болж, энэ сувгаар дамжуулан УИХ иргэдээ сонсдог болж байгааг УИХ-ын дарга тэмдэглэлээ.
Иргэний өгсөн саналыг хүлээн авсан болон асуудлыг шийдвэрлэх явц хэрхэн өрнөж байгаа талаарх мэдээллийг байнга эргэн мэдээлэх болсон нь энэхүү системийн шинэ шийдэл бөгөөд цаашид иргэд УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах хүсэлтээ энэ системээр дамжуулан гаргах боломжтой болно хэмээн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.