Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн хүрээнд “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын богино хугацааны зорчигчдын тээврийн хэрэгсэл жолоодох болон жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай хэлэлцээр”-ийг байгуулахаар тохиролцоод байна.
Хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын богино хугацааны зорчигчид нөгөө талын нутаг дэвсгэрт нэг жил хүртэлх хугацаанд өөрийн улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх юм.
Нэг жил буюу түүнээс дээш хугацаагаар хууль ёсоор оршин суугаа хоёр улсын иргэд онолын болон жолоодлогын нэмэлт шалгалт өгөхгүйгээр, өөрсдийн үндэсний жолоодох эрхийн үнэмлэхийг нөгөө улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах эрх зүйн орчинг бүрдүүлж байна.
Жолоодох эрхийг хүлээн зөвшөөрснөөр хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөл сайжирч, БНСУ-д ажиллаж, суралцаж буй Монгол Улсын иргэд болон Монгол Улсад зорчиж буй БНСУ-ын иргэдийн тээврийн хэрэгсэл ашиглах боломж нэмэгдэнэ. Энэ нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа, аялал жуулчлал, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байна.