Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх стратегийн ач холбогдолтой “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад орлоо.
2022 онд эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгойн уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсаны дараа буюу 2023 оны 5 дугаар сард Эрчим хүчний яамнаас ил хуваарилах байгууламжийн төслийг санхүүжүүлэх хүсэлтийг тавьснаар “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний систем Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ны эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд залгагдан ажиллах техникийн боломжийг бүрдүүлж байгаа юм.
Үүний үр дүнд, өвлийн оргил ачааллын үед 80МВт хүртэлх цахилгааныг ӨМӨЗО-оос нэмэлтээр импортлон Өмнөд бүсийн зарим хэрэглэгчдийг хангаснаар төвийн бүсийн эрчим хүчний системд ирэх ачаалал буурах юм.
“Зэс-Оюу” ИХБ-ын төсөл нь Эрчим хүчний яам, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, Диспетчерийн үндэсний төв, “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп компани болон дотоодын гүйцэтгэгч компаниуд, мэргэшсэн багуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү амжилттай хэрэгжлээ.
Бүтээн байгуулалтын ажилд үндэсний 20 гаруй компани, 2,000 гаруй инженер, техникийн ажилтан оролцож, нийт 600,000 гаруй хүн/цагийн хөдөлмөрийг осол, гэмтэлгүйгээр гүйцэтгэсэн билээ.