Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн 2026 оны наймдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хурлаар 2026 оны эхний хагас жилийн эх, хүүхдийн эндэгдлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээг хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий” үндэсний санаачлага орон даяар өрнөж буйтай холбогдуулан хүүхэд, эхийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатайг Удирдлагын зөвлөлийн хурлаар онцоллоо.
2026 оны эхний хагас жилд улсын хэмжээнд 25,753 эх амаржиж, 25,996 хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 1,046, амьд төрөлт 1,005 тохиолдлоор тус тус буурсан байна. Мөн 97 ураг амьгүй төржээ. Тайлант хугацаанд таван эх эндэж, эхийн эндэгдлийн харьцаа 100,000 амьд төрөлтөд 19.2 болж, өмнөх оны мөн үеэс 14.1 просантимилээр буурсан байна. Эхийн эндэгдлийн харьцаа Улаанбаатар хотод 13.6, орон нутагт 26.5 байгаа нь орон нутгийн үзүүлэлт улсын дундажаас өндөр байгааг харууллаа.
Хурлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан “Эмгэг судлалын шинжилгээ хийх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах, эх барих, эмэгтэйчүүд, нярайн зөвлөх эмч нарын ур чадварын баталгаажуулалтыг зохион байгуулж, зөвлөх эмч нарыг томилгоожуулах ажлыг эрчимжүүлэхээр болов. 2026 оны эхний хагас жилд улсын хэмжээнд тав хүртэлх насны 396 хүүхэд эндсэн нь өмнөх оны мөн үеэс 55 тохиолдлоор буурч, хүүхдийн эндэгдлийн түвшин 16.7 промиллоос 15.2 промилл болж 1.5 промиллеэр буурсан байна. Удирдлагын зөвлөлөөс цаашид тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах зорилгоор нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, яаралтай болон эрчимт тусламж үйлчилгээний чанарт нарийвчилсан үнэлгээ хийх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийслэлийн хүүхдийн тусламж үйлчилгээний ачааллыг оновчтой төлөвлөх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.