Уншиж байна...
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллааМонголд болох COP17 Талуудын бага хурал гэж юу вэЖ.Энхбаяр: Монголын эрдэмтдийн бүтээлийг олон улсын хэлнээ түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжинэОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалжээCOP17-д танилцуулах “Тал хээрийн төлөвлөгөө”"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр боловЦ.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болноБ.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдлээН.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулавАзи тивийн аварга шалгаруулах олон улсын таеквон-догийн XI тэмцээн эхэллээАНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авч уулзлааМорингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто зам ашиглалтад орлоо
Монголд болох COP17 Талуудын бага хурал гэж юу вэ

     Эрхэм та COP17 гэж сонссон уу.  Ямар нэг хурал болох гэж байгаа юм байна гэсэн ерөнхий ойлголттой л  байна уу. Аль эсвэл “Надад ямар хамаа байхав. Дарга нар л хуралдах биз”  хэмээн  хэнэггүйхэн явна  уу.   Үгүй бол  “Олон улсаас баахан хүн ирж Монголд хуралдаад, манай дарга нар баахан мөнгө идэж уух гэж байна” гэж хардаж сэрдэж сууна уу.  Магадгүй та мэдээллийн их шуурганд энэ чухал хурлын тухай сонирхолгүй, хэн нэгэн инфлүүзрийн хувийн амьдрал, саяхан болсон наадмын сонин хачин, өдөр тутмын хэрүүл тэмцлийг илүүд үзэж, энэ тухай шимтэн сонирхоогүй байж мэднэ.

      Угтаа  таны амьдралд, улс оронд тийм ч чухал биш хов живийн чанартай мэдээллүүдээс илүүтэй наймдугаар сарын 17-нд эхлэх  COP17  урт хугацаанд үр өгөөжөө өгөх, ирээдүй хойч, улс оронд минь, бүр цаашлаад энэ дэлхийн оршин тогтнолтой холбоотой чухал хурал. Тиймээс тус хурлын тухайд ерөнхий ойлголт мэдээлэл өгье.

  1992 онд НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор Биологийн олон янз байдал, Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилттэй тэмцэх гэсэн гурван суурь конвенц баталсан. Энэ нь  дэлхийн улс орнууд заавал хэрэгжүүлэх олон улсын үндсэн хэлэлцээрүүд болсон юм. COP хурлаар хэрэгжилтээ дүгнэж, цаашдын бодлогоо тодорхойлдог. Олон улсын бодлого тодорхойлох   COP-ын 17 дахь удаагийн Талуудын бага хурал энэ удаа Монголд болно гээд ойлгочихож болно. Хурал  бүс нутгуудад ээлжлэн болдог. 2022 онд COP15  болох үеэр 17 дугаар хурлыг Монголд зохион байгуулах хүсэлтийг манай талаас тавьж, оролцогч талууд дэмжсэнээр энэ жил COP17  энэ наймдугаар сард болж байгаа юм. Дэлхий энэ өдрүүдэд Монголын зүг анхаарлаа хандуулна.

     

   Зохион байгуулалт ба үйл явц

    Ухаалаг тоглож, зөв зохион байгуулж чадвал энэ хурлаас олз их олно. Ихээ алс хэтдээ ч өгөөж нь ирсээр байх юм. Өөрөөр хэлбэл хурлын үр дүн сайн байвал Монгол Улс байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагааны шинэ төв болох боломжтой.  Хурал “Цэнхэр” болон “Ногоон” гэсэн хоёр бүсэд  зохион байгуулагдана. Цэнхэр бүсэд Засгийн газрын албан ёсны хэлэлцээ өрнөх бол Ногоон бүсэд иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, залуучууд болон хөгжлийн түншүүд хэлэлцүүлэг, үзэсгэлэн, арга хэмжээгээ зохион байгуулж, албан ёсны хэлэлцээний агуулгад өөрсдийн байр суурийг хүргэх боломжтой. Цэнхэр бүсэд л гэхэд зэрэгцээ арга хэмжээний 745 хүсэлт ирсэн нь Монголд болох энэ хурлаас ихээхэн үр дүн хүлээж буйг илтгэнэ. Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн төлөөлөгчдийн 60 орчим хувийг эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, хувийн хэвшлийн төлөөлөл эзэлж байгаа нь  COP17 олон талын оролцоог бодитоор хангаж байгааг илтгэнэ.

     Хурлын үеэр хоёр талт уулзалтууд Байгаль орчин, Гадаад харилцаа, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг төрийн байгууллагуудын түвшинд өрнөж, улс орнуудын төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, бодлогын асуудлаар хэлэлцээ хийнэ. Харин олон талт уулзалтад НҮБ-ын байгууллагууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын удирдлагууд оролцохоор төлөвлөж байна. Нэг талаасаа COP НЬ Засгийн газруудын Засгийн газруудын албан ёсны хэлэлцээний талбар.

  Хуралд 197 орны найман мянга гаруй төлөөлөгч оролцоно. Монголын талаас иргэд, малчид, тариаланчид, залуус, эрдэмтэн судлаач, төр болон хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийнхэн  оролцох  юм.  Мөн зочид  төлөөлөгчид өөрсдийн зардлаар ирж буйг энд дурдах хэрэгтэй. Мэдээж хэвлэлийнхэн маань сурвалжилна.  Байгаль орчин, уур амьсгалын сайд, COP17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир  саяхан хэвлэлийн хурал хийлээ. Бэлтгэл ажил 90 орчим хувьтай хангагдсан гэнэ.  Түүний өгсөн мэдээллээр ажил жигдэрч байна гэж ойлголоо.

  Олон улсын томоохон хурал болоход   сайн дурынхны оролцоо чухал байдаг. Залуус сайн дураараа хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны үйлчилгээнд гарахаар олноороо бүртгүүлснийг бахархалтай хэлэх хэрэгтэй.  

  Ач холбогдол ба  өгөөж

      Дэлхийн байгаль орчны засаглалын гурван гол конвенцийн нэгийг Монголд зохион байгуулж буй нь манай улсын хувьд түүхэн ач холбогдолтой. Энэ хурал болсноор Монголд үлдэх боломж нь нэг удаагийн хурал төдийгөөр хязгаарлагдахгүй. Туршлага солилцох, түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах, урт хугацааны хамтын ажиллагаа бий болгох, мөн эдийн засгийн үр өгөөжийн хувьд ч  арвин.  Шинэ технологи, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжуудыг татах чиглэлээр ажиллах томоохон боломж. Энэ мэтчилэн дурдаад байвал сайн зүйл олон.  НҮБ манай улсын санаачилгаар энэ жилийг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” гэж зарласан. Энэ нь  COP17-той цаг хугацааны хувьд давхцаж буйг онцлууштай.  “Тал хээрийн төлөвлөгөө”санаачилгаа Монгол Улсын Засгийн газар дэвшүүлж байгаа. Эхнийх нь бэлчээрийн экосистемийн үнэ цэн, ач холбогдлыг олон улсад шинэ түвшинд гаргаж тавих, хоёрдугаарт далайд гарцгүй улсын хувьд усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудлыг цөлжилт, газрын доройтлын асуудалтай уялдуулан олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл болгон дэвшүүлнэ. Эцэст нь тогтвортой дэд бүтэц буюу дэд бүтцийн байгальд үзүүлэх нөлөөллийг хамтад нь авч үзэх бөгөөд  Монгол Улсын хөгжлийг байгалд суурилсан шийдэлтэй уялдуулж санал дэвшүүлж байгаа юм.   Монгол Улс зохион байгуулагчийн хувьд хөрөнгө санхүү гаргаж байгаа ч  зарцуулснаасаа  илүү олзтой үлдэх боломжтой.  Эдийн засгийн  хувьд COP өгөөжөө өгдөг нь өмнөх хурлуудын туршлагаас харагддаг.  Нэмж хэлэхэд сайн зохион байгуулж чадвал  өөрсдөдөө  ч ашигтай, зорилгоо ч биелүүлж, дараа дараагийн хурлуудад сайн жишиг болж өв үлдээдэг улс орнууд байдаг бол муу зохион байгуулж, үр дүнгүй зарлага гаргасан улс орон ч бий. Бид сайн үр дүнтэй үлдэх нь чухал. Дараа дараагийн хурлуудад бидний үлдээсэн өв жишиг болон яригдаж, түншлэл өргөжиж, төслүүд хэрэгжиж байвал сайнсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.