Богдын музейд зуны амралтаараа хөтөч, тайлбарлагч хийж, ирсэн зочид, жуулчдыг хуйлруулж, англиар дуржигнатал итгэл дүүрэн ярих нэгэн хүүгийн бичлэг сошиалаар түгэв. Нүдэндээ галтай тэр хүү музейн тайлбарлагчийн ажлаа COP17 хурал хүртэл хийнэ гэлээ. Тэр COP17-д сайн дураараа ажиллахаар бүртгүүлсэн юм байна. Монголын ирээдүй гэрэлтэй санагдав. Сайн дурынхан олноороо бүртгүүлсэн гэнэ лээ. Гадаадад суралцахаар мөрөөдөж буй залуус дүү нар минь, олон улсын байгууллага, олон улсын хэмжээний томоохон тэмцээн уралдаанд ороход чинь сайн дурын ажилд оролцож байсан үзүүлэлт нэмэх оноо авчирдаг юм шүү. Энэ боломжийг бүү алдаарай. Иргэд бид ч идэвхтэй оролцох хэрэгтэй. Хүсвэл та хүүхдээ дагуулаад ногоон бүсээр нэг зочлоод үз. Олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй арга хэмжээ олон болно. Ногоон соёл иргэншилтэй, байгалтайгаа шууд харьцаж ирсэн уламжлалтай улсын иргэн хүний хувьд, мал аж ахуй, нүүдэлчин соёл иргэншил нь одоо ч бидний амьдралын нэг хэсэг болсоор байгаагийн хувьд мэдлэг, мэдээлэл, танин мэдэхүйн ач холбогдол их. Хүүхэд залуучуудын оролцоог хангасан нээлттэй тайз, боловсрол, урлаг, хэлэлцүүлэг, сайн дурын санаачлага, сургалтын үйл ажиллагаа ч болно. Монгол орны байгалийн онцлог, гайхамшгийг харуулсан 3 D хэмжээст зургийг харж болно. Үр хүүхдэд чинь дурсамж үлдээж, мөрөөдөл бий болгоно. Цаг заваа гарган дагуулж очсон нэг удаагийн үйлдэл чинь байгал дэлхийгээ хайрлах нэгэн иргэний насан туршийн амьдралынх нь хэвшил болох үүд хаалгыг нээж өгч болох юм. Ногоон бүс бол нээлттэй оролцооны талбар. Дэлхийн улс орон манай улс руу хараа хандуулах энэ өдрүүдэд зүгээр нэг хурал болоод өнгөрөх чинээ санаж хэрэггүй. Бодит байгаа асуудалд шийдэл хайх, залуусын санаачилга, технологи, хамтын ажиллагааг нэгтгэх талбар. Залуус дуу хоолойгоо хүргэнэ. Өөрсдийн боловсруулсан шийдлээ танилцуулна. COP17-д 600 орчим хүүхэд залуус сайн дурын ажилтнаар ажиллана.
Олон мянган зочин ирж буй учир зохион байгуулагч улсын хувьд ачаалал их. Тухайлбал замын хөдөлгөөний тодорхой хязгаарлалт хийнэ. Үүнд уур бухимдлаа гарган шүүмжлэх, доромжлохыг урьтал болголгүй дүрэм журмыг ягштал барьж, хүлээцтэй уужуу хандаарай. Хэдхэн хоногийн л асуудал. Хэдэн жилийн бэлтгэл ажил. Дэлхийн улс орнуудад ч олон улсын томоохон хурал, чуулган болдог. Бүр жил бүр зохион байгуулдаг улс орон бий. Тэглээ гээд иргэд нь уурлаж бухимдаад, дайрч давшлаад байдаггүй. Өөрийнх нь улс оронд хэрэгтэй, өгөөжөө өгдөг учраас л тэр юм. Хурлын үйл ажиллагааг дэмжээд сүйд болдоггүй юм гэхэд иргэн хүнийхээ үүргийг биелүүлэхэд л болоод явчихна. Энэ л хувь нэмэр шүү дээ. Хуруу нэмэрлэхгүй, хошуу нэмэрлэн, хардаж сэрдэхээсээ урьтан жаахан ч болов эх оронч сэтгэл гаргаарай.
Хүүхэд байхад сэтгэлд тод үлдсэн дүр зураг санаанаас гардаггүй юм. Гэр бүлээрээ зуны амралтаар аавын нутгийг зорилоо. Байгалийн сайханд, усны зах бараадан амарч байтал, дуу шуу болсон мотоциклтой залуу хурд нэмэн гол руу ороод, явуут дундаа бидоноороо ус хутган цааш одсонсон. Сайнаар хэлвэл адуучин залуус давхиут дундаа газраас юм шүүрэн самбаа сорьдог шиг л, муугаар хэлвэл гол булингартуулан таахалзсан, ёс төргүй нэгэн шиг санагдав. Гол, булаг, шанд руу бохир сав, шанагатай ч явахыг цээрлэдэг байсан эмээгийн үг толгойд хадаастай мэт тэр үед санаанд орсон. Үс толгой, хувцас хунараа голд угааж болохгүй, заавал ус хутган голоос зайтай очиж угаалгадаг байсан эмээгийн үг, үйлдэл хүүхэд бага насанд тийм ч таатай санагддаггүй байв. Үглэж яншаад байгаа л гэж бодсоноос хэлсэн үг бүр нь байгаль дэлхий, уул усаа хайрлах ногоон соёлд л сургаж байсныг тэр үедээ мэдээгүй. Тиймдээ ч ундаалдаг ус руугаа мотоциклтойгоо орж, бидоноороо ус хутгах нь нэг л ёозгүй санагдсан. Хаа очиж хэдэн жилийн дараа нутгийн олон тэр хавийг хашаалчихсан байна лээ. Эх дэлхийгээ хайрлах, эх орноо хайрлах гэдэг энгийн үйлдлээс л эхэлдэг. Цээжээ дэлдэн, чанга дуугаар хашгирч, нийтийн сүлжээгээр хуурамч эх оронч болж жүжсэнээс, уул ус, ургамал амьтныг хайрлах, амьдралын өдөр тутмын дадлаа өөрчлөх, байгальд аялахдаа хог хаяхгүй байх, гол усаа бохирдуулахгүй байх зэрэг энгийн зүйл ч таныг эх оронч иргэн гэдгийг батлаад өгнө. Эмээ минь гол усаа хайрлах энгийн дадлыг үр хүүхдэдээ сургасан шиг. Тиймээс би эмээгээ эх оронч хүн гэж боддог. Монголчууд бид бол ногоон соёлтой ард түмэн. Байгалтайгаа шууд харьцаж, байгалиасаа хамааралтай амьдарч ирсэн. Тиймдээ ч газар дэлхийгээ эх дэлхий, эх газар хэмээн дээдлэн нэрлэдэг.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын COP17 буюу талуудын бага хурал нь олон улсын томоохон арга хэмжээ төдий бус, харин урт хугацааны хамтын ажиллагаа, бодит үр дүнгийн эхлэл байхаар төлөвлөж байна. Тиймээс хурлыг амжилттай зохион байгуулах, үр дүн нь холын ирээдүйд өгөөжөө өгсөөр байх талаас нь зохион байгуулагчид анхаарч байна гэсэн үг. Дэлхийн улс орны зочид, төлөөлөгчид оролцох энэ хурлыг Монгол Улсын байгаль орчны асуудлыг хэлэлцээд өнгөрөх мэтээр андуурах хэрэггүй ээ. Цөлжилттэй тэмцэхэд дэлхийн улс орнууд юу хийх вэ гэдгийг хэлэлцэж, бодлогоо ярих хурал юм. Нгэ ёсондоо дэлхийн асуудлыг ярина. Талуудын бага хурал гээд байгаа нь тухайн асуудлаар нэгдсэн хэлэлцээрт гарын үсэг зурсан оролцогч орнууд. Товчхондоо дэлхийн асуудлыг Монголд энэ удаа хэлэлцэж байна гээд ойлгочиход болно. Харин улс орондоо зохион байгуулж буйн хувьд эндээс манайх үр өгөөж авч үлдэх боломжтой. Төсөл, түншлэл, хөрөнгө оруулалтын урт хугацааны боломжууд бий болно гэж харж байгаа. Алс хэтдээ эдийн засгийн ихээхэн үр өгөөжтэй гэж хэлж болох юм.