Уншиж байна...
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалааСОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болноCOP17-д Loro Piana-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно оролцож байнаCOP17: Дэлхийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатарт хэлэлцэж байнаУлаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэКОП17-д оролцогчид бодит ахиц дэвшлийг хүсэж байна  200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажилланаБонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлжээЭ.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээCOP17: Шийдвэр, хэлэлцээ төвлөрсөн цэнхэр бүсэд юу өрнөж байна вэДэд сайд Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэсСОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэҮ.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэЦ.Сандаг-Очир: COP17-оор Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-г дэвшүүлнэДэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоногийн турш хэлэлцэнэ
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал ес дэх өдрөө Улаанбаатар хотод үргэлжилж байна. Талуудын албан ёсны хэлэлцээ болон бодлогын түвшний уулзалтууд өрнөж буй СОР17 бага хурлын Цэнхэр бүсэд өнөөдөр (2026.08.25) “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум болно.

Дээд түвшний парламентын тус форумыг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт нээж, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Цөлжилт, газрын доройтол, ган гачиг: COP17-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд парламентын манлайлал яагаад чухал вэ” сэдэвт үндсэн илтгэлийг танилцуулна.

 

Парламентын форум “Дэлхийн амлалтаас үндэсний үйл хэрэгт: Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын хөтөлбөрийг үндэсний үйл хэрэг болгох улс төрийн манлайлал” панел хэлэлцүүлгээр үргэлжлэх юм. Энэ хүрээнд СОР17 бага хурлын үр дүнг үндэсний түвшинд бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай улс төрийн манлайлал, олон талт түншлэл, сайн засаглалын талаар нэр хүнд бүхий улс төрийн манлайлагчид, шийдвэр гаргагчдын оролцоотойгоор санал солилцож, туршлага хуваалцана. Дээд түвшний панел хэлэлцүүлгийг НҮБ-ын Системийн ажилтнуудын коллежийн сургалтын хөтөлбөр хариуцсан менежер Сандхя Баласубрахманьям чиглүүлэх юм. Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай, Улсын Их Хурлын гишүүн, G-CAP 2025 төгсөгч Э.Болормаа, Коста Рика Улсын 48 дахь Ерөнхийлөгч Карлос Альварадо Кесада, Египет Улсын Усны нөөц, усалгааны сайд проф. Хани Севилам, Бүгд Найрамдах Турк Улсын Парламентын гишүүн, КОП31-ийн Байгаль, уур амьсгалын элч, Шударга ёс, хөгжлийн нам (AK)-ын Байгаль орчин, хот байгуулалтын бодлогын дарга Нилхан Аяан нар панел хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр оролцох аж.

Үргэлжлүүлэн өндөр түвшний манлайллын яриа хэлэлцүүлгийн үеэр хуваалцсан үзэл санаа, туршлагад тулгуурлан чиглүүлэгчтэй дугуй ширээний хэлэлцүүлгүүд болж, цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар парламентын гишүүдийн манлайллыг бэхжүүлэх, бодитой арга хэмжээ хэрэгжүүлэх боломжийг тодорхойлох юм. Улмаар дугуй ширээ бүрээс гарсан үндсэн зөвлөмжүүдийг танилцуулж, нийтлэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлох, парламентын бодит арга хэмжээг онцлох, форумын үеэр гарсан гол мессежүүдийг нэгтгэн боловсруулах бүлгийн хэлэлцүүлэг өрнөнө.

Бүлгийн хэлэлцүүлгээр форумын зөвлөмжүүдийг нэгтгэн “COP17-ын Дээд түвшний парламентын форумаас гарах гол мессежүүд болон парламентын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүд”-ийг боловсруулах юм. Эдгээр чиглэл нь цаашид Цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаарх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцын парламентын гишүүдэд зориулсан үйл ажиллагааны аргачлал боловсруулахад тусгагдаж, СОР17 бага хурлаас цааш Конвенцын хэрэгжилтийг дэмжих практик удирдамж, сайн туршлагын жишээ, хэрэгслээр парламентын гишүүдийг хангах юм байна.

Ийнхүү парламентын үйл ажиллагааны нийтлэг тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсноор  Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж буй “Амлалтаас үйл хэрэгт: Цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх парламентын манлайлал” дээд түвшний парламентын форум өндөрлөнө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.