Тайландын Хаант Улсын Дотоод хэргийн яамнаас аялал жуулчлалын зорилгоор тус улсад визгүй зорчих улс, нутаг дэвсгэрийн шинэчилсэн жагсаалтыг наймдугаар сарын 31-ний өдөр “Royal Gazette” буюу Тайландын Хаант Улсын Засгийн газрын албан ёсны хэвлэлд нийтлэв.
Шинэ зохицуулалтын дагуу жагсаалтад багтсан 60 улс, нутаг дэвсгэрийн паспорт эзэмшигч аялал жуулчлалын зорилгоор Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино. Мөн газрын хилийн боомтоор визгүй нэвтрэх тоог хуанлийн жилд хоёроос хэтрүүлэхгүй байхаар зохицуулжээ.
Монгол Улс дээрх 60 улс, нутаг дэвсгэрийн жагсаалтад багтаагүй боловч Монгол Улс, Тайландын Хаант Улсын хооронд байгуулсан хоёр талын хэлэлцээрийн дагуу Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч Тайландын Хаант Улсад 30 хүртэл хоног визгүй зорчих зохицуулалт үйлчилнэ.
Энэ шийдвэр “Royal Gazette”-д нийтэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан тул есдүгээр сарын 15-ны өдрөөс Монгол Улсын иргэд Тайландын Хаант Улсад визгүй зорчих хугацаа 30 хүртэл хоног болохыг анхаарна уу.
Эх сурвалж: Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яам