Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр орон нутгийн удирдлага болон эрчим хүч, дулаан хангамжийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов.


Тус аймгийн хэмжээнд 28 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг эх үүсвэрүүдийн урсгал болон их засварын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Энэ өвлийн оргил ачаалал 19.58 МВт-д хүрэх тооцоо гарсан бөгөөд Сэлэнгэ, Баян-Өндөр сумын дэд станцын өргөтгөл, их засварын ажлыг хугацаанд нь дуусгахаар төлөвлөж буй юм.
Сургууль, цэцэрлэгийн халаалтыг энэ сарын 15, аймгийн төвийнхийг аравдугаар сарын 01-нээс өгөхөөр бэлтгэл хангаж байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих 12 МВт-ын нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслийн сонгон шалгаруулалт үргэлжилж байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлэв.


Баянтээгийн уурхайн нүүрсний үнийн өсөлт болон авто замын даацын хязгаарлалтаас үүдэн тээврийн зардал нэмэгдсэн нь санхүүгийн хүндрэл учруулж байгааг дулаан үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл дурдлаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй “Дулааны II эх үүсвэр”-ийн барилга угсралтын ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хугацаанд нь буюу 2027 онд ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтэд аймгийн удирдлага анхаарахаар болов.

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийнхний зүгээс цахилгаан болон дулааны шугам сүлжээний засвар, үйлчилгээг чанартай дуусгах, түлшний нөөц бүрдүүлэх, зураг төсвийн магадлалыг шуурхай хийлгэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Ажлын хэсгийнхэн энэ сарын 7-16-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймагт ажиллах юм.