Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ордагийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн бүрдүүлэлтийг шуурхай болгох болон гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Энэ хүрээнд хоёр улсын гаалийн байгууллагууд "Итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр"-ийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр байгуулах асуудлыг онцлон хэлэлцэж, холбогдох судалгааг хийх, хэлэлцээрийн төслийг боловсруулах, санал солилцох ажлыг эхлүүлэхээр болсон байна.
Уг хэлэлцээрийг байгуулснаар шаардлага хангасан, найдвартай аж ахуйн нэгжүүдэд гаалийн хөнгөлөлт, хялбаршуулсан үйлчилгээг нэмэгдүүлэх, гадаад худалдааг түргэн шуурхай явуулах боломж бүрдэх юм.
Мөн гаалийн мэдээлэл солилцоо, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.