Нью-Хэмпшир мужийн номын сангаас 132 жилийн өмнө зээлүүлсэн 19-р зууны үеийн сэтгүүл эцэст нь буцаагджээ.
Конкорд хотын нийтийн номын сангийн мэдээлснээр, номын сангийн зүгээс торгууль ногдуулахыг түр зогсоосны дараагаар буцаах хугацаа нь хэтэрсэн "The Century Illustrated Monthly Magazine" сэтгүүлийн 1894 оны есдүгээр сарын дугаар өнгөрсөн долоо хоногт буцаагдан ирсэн үйл явдал болжээ.
Тус сэтгүүлийг буцааж өгөх хугацаа нь 48.220 хоногоор хэтэрсэн байсан бөгөөд хэрэв торгууль тооцсон бол нийт 12.055 ам.долларын торгууль төлөх байжээ.
Сэтгүүлийг буцааж авчирсан Жон гэх эрхэм уг сэтгүүл олон арван жилийн турш гэрт нь байсан ч хэрхэн хаанаас гарч ирсэнийг нь огт мэддэггүй байснаа хэлсэн байна.
Тэрбээр орон нутгийн сониноос номын сангийн торгуульгүй болгох шийдвэрийн талаар уншсаны дараа сэтгүүлийг буцааж өгөхөөр шийджээ.
"Торгууль ногдуулахыг түр зогсоосноо зарласнаас хойш бид олон хүний баяр хөөртэй царайг харлаа. Мэдээж бид хугацаа нь хэтэрсэн номнууд буцаагдана гэж найдаж байсан ч 19-р зууны үеийн сэтгүүл буцаагдана гэж огт төсөөлөөгүй байлаа!" гэж Конкорд хотын нийтийн номын сан Фэйсбүүк хуудсандаа бичжээ.
Конкорд хотын нийтийн номын сан "торгуульгүй номын сан"-гийн үр нөлөөг үнэлэх зорилгоор энэ оны есдүгээр сарын 1-нээс эхлэн ирэх жилийн есдүгээр сарын 1-ний хүртэлх хугацаанд хугацаа нь хэтэрсэн номын торгуулийг хүчингүй болгох шийдвэр гаргасан байна.
Эх сурвалж: BBC
Бэлтгэсэн: Сарасвати